Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав

Нэмэгдсэн: 2020-07-02

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж,  дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэллээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл