ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
МАССЫН ЭТАЛОНЫ ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА, ХЭМЖЛИЙН ЧАДАВХ(CMC)-ыг Олон Улсад хүлээн зөвшөөрч, Олон Улсын Жин хэмжүүрийн товчоо(BIPM)-ны цахим санд бүртгэлээ
МАССЫН ЭТАЛОНЫ ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА, ХЭМЖЛИЙН ЧАДАВХ(CMC)-ыг Олон Улсад хүлээн зөвшөөрч, Олон Улсын Жин хэмжүүрийн товчоо(BIPM)-ны цахим санд бүртгэлээ

Олон улсын жин хэмжүүрийн товчоо(BIPM)-ны түлхүүр харьцуулалтын өгөгдлийн сан(KCDB)-д Монгол Улсын анхны шалгалт тохируулга, хэмжлийн чадавх(CMC)-ыг массын хэмжлийн төрлөөр албан ёсоор бүртгэлээ.

Түлхүүр харьцуулалтын өгөгдлийн сан KCDB гэдэг нь Олон улсын жин хэмжүүрийн хороо(CIPM)-ны харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт (CIPM MRA)-т нэгдсэн улс орнуудын хүрээнд тухайн улс орны хэмжил зүйн байгууллагын чадавхыг харуулах, чөлөөтэй ашиглах боломжтой мэдээллийн сан юм.

CIPM MRA бол Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хэмжлийн эталоны олон улсын түвшинд дүйцэх чадвар, тэдний олгосон шалгалт тохируулга, хэмжлийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр бөгөөд одоогийн байдлаар 106 улс орон гишүүнчлэлтэй байдаг. Монгол Улсыг төлөөлж, Стандарт хэмжил зүйн газар нь 2013 онд энэхүү CIPM MRA харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэн орсон юм.

Зураг 1. СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн хамт олон

Шалгалт тохируулга, хэмжлийн чадавхыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Массын эталоны лаборатори 2006, 2016 онд Ази, номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр(AРMP) байгууллагаас зохион байгуулсан APMP.M.M-K5, APMP.M.M-K6 эталоны олон улсын түлхүүр харьцуулалтуудад амжилттай оролцсон. Мөн тус лабораторийн шалгалт тохируулгын үйл ажиллагаанд ISO/IEC 17025 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, 2018 онд үндэсний итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн билээ.

Массын эталоны лаборатори нь шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа үнэлүүлж, бүртгүүлэхээр 2019 онд Ази номхон далайн хэмжил зүйн байгууллага(AРMP)–д хүсэлтээ гаргаж, бүс нутгийн хэмжил зүйн байгууллага, олон улсын байгууллагын шат шатны үнэлгээнд тэнцсэнээр 2020 оны 7-р сарын 15-ны өдөр  Олон улсын жин хэмжүүрийн товчооны цахим мэдээллийн сан буюу KCDB-д ийнхүү албан ёсоор бүртгэгдлээ.

Аливаа улс орны Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааны хамгийн гол үзүүлэлт нь шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа KCDB-д бүртгүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлснээр үнэлэгддэг.

Зураг 2. СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Массын эталоны лабораторийн мэргэжилтнүүд

Аливаа улс орны Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн үйл ажиллагааны хамгийн гол үзүүлэлт нь шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа KCDB-д бүртгүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлснээр үнэлэгддэг.

Шалгалт тохируулга, хэмжлийн чадавхаа KCDB-д бүртгүүлснээр бидний гүйцэтгэсэн хэмжлийн үр дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрөх, улмаар олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах,  хэмжлийн үр дүнгийн үнэн зөв, нэгдмэл байдал хангах, үндэсний үйлдвэрлэл, хэмжил зүйн сорилт туршилтын үр дүн олон улсад өрсөлдөх чадвараа дээшлүүлэх,  хэмжил зүйн чиглэлээр олон улс дахь нэр хүнд статусаа нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Дээрх мэдээллийг BIPM-ийн дараах хаягаар үзэх боломжтой:

https://www.bipm.org/kcdb/news

https://www.bipm.org/kcdb/cmc/quick-search?keywords=mongolia

                                                Стандарт, хэмжил зүйн газар, Хэмжил зүйн хүрээлэн

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ