ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлүүдтэй танилцлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлүүдтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллуулж байна. Энэ нь иргэд эмчид үзүүлэх гэж цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн гадаа дугаарлаж зогсдог, цаг авч чадаагүй бол маргааш нь дахин ирдэг хүндрэлийг халах зорилготой юм. Энэ сарын нэгнээс хойш өнөөг хүртэл 8000 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд иргэдийн 90 гаруй хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авсан тухай төвийн дарга Б.Нарантуяа танилцуулав.   “1800-0119” төвд есөн эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг холбосон бөгөөд ирэх сард багтаан 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөжээ.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэрээ эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох “PACS” системтэй танилцав. Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хөвсгөл, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг энэ системд холбоод байна. Ингэснээр дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг анхан шатны эмнэлгээс дээд шатны эмнэлэгт дүрсний чанарыг нь алдагдуулалгүй дамжуулах боломж бүрджээ. Мөн тухайн өвчтөний оношилгооны мэдээллийг улсын Дата төвд хадгалах бөгөөд өвчтөн, эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмч онош тавьж, цаг хугацаа, зардал чирэгдэлгүй үйлчлэх юм.  Энэ төслийг Дэлхийн банкны 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайдыг Эрүүл мэндийн яаманд ажиллах үед сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй байх, алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатай даван туулах чиглэлээр хийж байгаа ажлаа товч танилцуулав.

ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмж, Биоаюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах бөгөөд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораторийг өргөтгөх юм байна. Мөн ХУД-т байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасаг, есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Цар тахлын халдварын тархалтыг удаашруулах, хязгаарлах, яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:

-       Иргэдийг өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг байх

-       Бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим сүлжээ бий болгох

-       Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох

-       Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бий болгох

-       Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд үе шаттай шилжүүлэх зэргийг 2020 оноос хийж эхэлжээ.

 

 

Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Цар тахлаас үүдэн эдийн засаг хүндэрсэн ч эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгааг тэмдэглэв. 55 эмнэлгийг ашиглалтад оруулсан, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын паркийг 400 гаруй автомашинаар шинэчилсэн, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг нь шат дараатай шийдвэрлэж байгаа зэргийг дурдав. Иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулах, таван дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн төв ажиллуулах, эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг байх, зүрх, судас, хавдар, эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэгтэй болох, 238 сумын эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг томоохон зорилт тавин ажиллаж байгааг хэлэв.

Цаашид:

-       КОВИД-19-тэй холбогдуулан тогтоосон хориог цуцалж хэвийн горимд нь шилжүүлсэн энэ үед сонор сэрэмжээ бууруулахгүй байх

-       Шаардлагатай нөөцөө тооцож бэлэн байдлаа хангах

-       Иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зөвлөмжийг тасралтгүй хүргэж байх

-       Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох

-       Иргэн бүр эх орондоо оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах чиглэлээр санаачилгатай ажиллах

-       Эмнэлгийн мэргэжилтэй хүн бэлтгэхдээ ЭМЯ болон БШУЯ хамтран шийдвэрлэдэг байхтай холбоотой саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

-       Сувилагчдын тоог нэмэх

-       Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах

-       Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах зэргийг чиглэл болголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчидтай уулзсаны дараа КОВИД-19 цар тахлын үед хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаа нэр бүхий гурван хүнд тус бүр таван сая төгрөг олгосон батламж гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ