ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
"Симфони найрал хөгжим", “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ
"Симфони найрал хөгжим", “Морин хуурын чуулга”-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

"Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрсэн учир шаардлага хангахгүй болсон байна. Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх байх ёстой гэж үздэг. Улсын филармони нь жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд ирэх оны 50 жилийнх нь ой тохиож байна.

Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулан:

-       Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх

-       Уран зургийн галерейн галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, Их тэнгэрийн амны байранд байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэх

-       Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн зориулалтаар ашиглах талаар судалж шийдвэрлэх

-       Чингис хааны музейн дэглэлт, үзмэрийг бүрдүүлэх, музейн гадна чимэглэл, гэрэлтүүлэг, үзмэрийн танхимын интерер дизайн, бусад ажилд шаардагдах хөрөнгийг 2021 оны төсвийн төсөлд тусгах

-       Үндэсний номын сангийн шинэ барилгын урд талд үзэгдэх орчин, байгалийн гэрлийг нь хааж, номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, мөн СБД-ийн долоодугаар хорооны 240 өрхийн 1000 гаруй иргэний эрх ашгийг хөндөж байгаа 16 давхар орон сууцны барилга барих, газар ашиглах зөвшөөрлийг судалж цуцлах, зөвшөөрөл өгсөн холбогдох албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шалгуулах

-       Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах зэргийг холбогдох сайд, агентлаг, хотын дарга нарт даалгав.  

Шаардлага хангасан сүү нийлүүлбэл урамшуулал олгоно

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав. Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм. Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бий болно гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1680 хүн ажиллаж байна. Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 35 хувийг нь л ашигладаг. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэж болно. Өвлийн улиралд хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр сүү шаардлагатай ч 16.8 сая литрийг л нийлүүлж байна.

Товч мэдээ

-       Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.

-       Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ