ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав. ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6,581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа,  Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж  2,000 орчим иргэнээ авчрах юм.

Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар сайд Л.Халтар танилцуулав. Үүнтэй холбогдуулан олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад  даалгав. Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор "МИАТ" компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна. Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна.

 "Эрдэнэт үйлдвэр" эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

"Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516,8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тэгвэл энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353,3 тэрбум, 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна. "Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбумаар өсч, цэвэр ашиг нь 24,4 тэрбумд хүрч, 30,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.

Товч мэдээ

-       Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 09-ний хооронд нээлттэй зарласан. Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг ойн арга хэмжээнд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

-        Монгол хүн сансарт нисссэн болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэхээр болов. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗСБНХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа нарын жолоодсон Союз-39 хөлөг сансарт хөөрч, Салют-6, Союз-Т4 хөлгийн багтай хамтран сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн найм хоногийн дараа эх дэлхийд газардсан юм.  Ингэснээр Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэн сансарт туршсан 20 дахь, задгай сансарт хэмжилт хийсэн эхний таван орны нэг болсон юм.

 

 

 

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ