ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.

Цаашид цар тахлын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн Засгийн газар үзжээ. Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийг хангаж хамгаалах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, ажлын уялдаа холбоог сайжруулах, тандалт судалгаа, илрүүлэлтийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай гэж үзсэн байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, холбогдох бусад байгууллагын саналд үндэслэн төслийг боловсруулжээ.

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ