Б.БАДРАЛ: Зах, худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө

Нэмэгдсэн: 2013-10-17

Б.БАДРАЛ: Зах, худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 томоохон зах, худалдааны төвүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн юм. Ажлын хэсгийн шалгалтын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга 10 сарын 15-ны өдөр “Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  А/944 тоот захирамж гаргалаа. Захирамж гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас зарим асуултад хариулт авлаа.
-Нийслэлийн Засаг дарга зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд арга хэмжээ авах захирамж гаргалаа. Захирамжид ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?

-Нийслэлчүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангаж, эрхийг нь хамгаалах зорилгоор нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу мэргэжлийн газрууд хамтран  томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар нийтлэг хэд хэдэн зөрчил илэрсэн тул тэдгээр зах, худалдааны төвүүдэд  12 сарын 05 гэхэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авна. Бид яаран хаана, зогсооно гэсэн бодлого баримтлахгүй байгаа. Анхнаасаа хууль журамгүй явж ирсэн учраас аль болох боломж олгож байгааг бизнес эрхлэгчид ойлгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь иргэд төдийгүй түрээслэгчид эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлж, ажиллах эрхтэй тул энэ эрхийг хангахын тулд шаардлага тавихаас өөр аргагүй. Харин хугацаа өгөөд байхад үл тоовол бид асуудалд өөрөөр хандана гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Зарим захын нэрийг зааж үүрэг өгсөн байсан. Эдгээр захуудад хэрхэн арга хэмжээ авах вэ?
-Нийтлэг зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд хугацаатай үүрэг өгсөн бол мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь  биелүүлдэггүй, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, шинжилгээгээр  хөрсний бохирдолт  их  гарсан,  задгай  талбайд ил худалдаа, үйлчилгээ явуулж хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулж байгаа  Нарантуул трейд ХХК-ийн “Нарантуул” худалдааны төв, Собу ХХК-ийн  “Өгөөмөр” зах, Барсимпекс ХХК-ийн “Барс-1” худалдааны төвийн үйл ажиллагаанд  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу бид удахгүй эдгээр захуудтай холбоотой санал хүргүүлнэ. “Төр төмөр нүүр гаргалаа, иргэдийн хувийн өмчид халдлаа” гэж ярих хүмүүс байгаа. Гэхдээ хот бол өөрийн гэсэн дүрэмтэй, хууль журамтай гэдгийг нийт иргэд ялангуяа хуулиас дээгүүр алхдаг, дүрэм журамд баригдах дургүй хүмүүс мартаж болохгүй.

-Цаашид зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах талаар нийслэлээс ямар бодлого баримталж байгаа вэ?
-УИХ-ын хаврын чуулганаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрт тусгасны дагуу томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргаж, шинээр байгуулахаар ажиллаж байна. Мөн зах, худалдааны төвүүдийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулах үүргийг Хотын даргаас өгсөн. Иргэддээ таатай орчин бүрдүүлж, өөрсдөө ашиг орлогоо нэмэгдүүлэхэд юун дээр анхаарч хэрхэн ажиллах талаар шинэ журам боловсруулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл