Ахмад сэтгүүлч П.Санаадагва монгол улсын 2013 оны шилдэг сэтгүүлч боллоо

Нэмэгдсэн: 2013-12-27

Ахмад сэтгүүлч П.Санаадагва монгол улсын 2013 оны шилдэг сэтгүүлч боллоо

 Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, идэвхи санаачлагыг улам өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор МСЭ-ийн “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах  ёслолын арга хэмжээ дөнгөж сая “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудалд боллоо.  

Улмаар “Монголын сэтгүүл зүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багц номинациар шалгаруулсан юм. ГРАН ПРИ буюу Монгол Улсын 2013 оны шилдэг сэтгүүлч буюу Шилдгийн шилдэг нэг сэтгүүлчээр Ийгл телевизийн Олон улсын тоймч Ш.ГАНТУЛГА шалгарлаа.

Монгол Улсын 2013 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлчээр тэртээ 1978 оноос өдийг хүртэл 36 жил үзэг жолоодсон ахмад сэтгүүлч , Өнөөгийн Баянхонгор сонины ерөнхий эрхлэгч П.Санаадагва шалгарч Монгол улсын 2013 оны шилдгийн шилдгийн шагнал гардуулах ёслолын салхийг хагалан баяр баясгалан дүүрэн нутгийн ах, ахмад сэтгүүлч, МУСГЗ Х.Цэвлээгээсээ шагналаа гардсан юм. Орон нутагт сэтгүүл зүйн торгон хилийг сэвтүүлэхгүй манаж яваа сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж, тэднээрээ бахархсан нь олон хүний магнайг тэнийлгэсэн. Хонгорчууд бидний дундаас ч тэр эрхэм нь тодорч давхар баяр нэмлээ. Зуун жилийн түүхийн хөгжил уламжлал, шинэчлэлийн хослол бүхий өвөрмөц сэтгүүл зүйн хувилбарыг бий болгожээ. Нөгөө талаар сэтгүүлчид ч социалист нийгмийн хэвлэл мэдээллийг чөлөөт хэвлэлийн түвшинд хөгжүүлэх амаргүй үүргийг хүлээсэн гэхэд болно. Энэ чанараараа ахмад сэтгүүлчдийн гавьяа алдрыг магтан дуулахаас өөрцгүй. Тэдний нэгэн болох Баянхонгорын Санаа хэмээн монголын хэвлэл мэдээллийн хүрээнд танигдсан ахмад сэтгүүлч П.Санаадагва ах маань түүхэн цаг үеийн алтан аргамжаас атгалцаж, хөгжил дэвшлийн цаг мөч бүхэнд өөрийн амьдралын 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулснаа үнэлүүлж Монгол Улсын шилдэг сэтгүүлчээр шинэ оны босгон дээр цоллуулаа. Энэ цол бол сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийнх нь үнэлэмж, нөгөө талдаа түүний бүтээл тууврилын чанар чансааг тодорхойлсон тодорхойлолт. Түүний авсан шилдэг гэдэг үгийн эхэнд “Орон нутгийн” гэх тодотгол тод харагдана. Энэ тодтогол бол Баянхонгорынхонд болон сэтгүүлчийн амьдралыг сонгосон олон нөхдийнх нь бахархал болохоор тодотгол. Яах аргагүй хөдөөгийн иргэдэд хэвлэлээр дамжуулан мэдээ мэдээлэл, соёлын үрийг тасралтгүй 36 жил тарьсан гэхээр  үзэг нэгт нутгийн бид баярлаж, бахархахаас өөр яах билээ. Түүний туурвисан маршалын Рэнцэнд үлдээсэн Монгол улс түүхт нийтлэл, Аюул дагуулсан мөнгөн ус Аймгийн төвөөс илрэв асуудал дэвшүүлсэн нийтлэлд оны шилдгийг олгожээ. Мөн Б.Мөнгөнцэцэг Өвөрхангай аймгийн "Өвөрхангайн мэдээ" сонины эрхлэгчЖ.СайнжаргалӨмнөговь аймгийн "Монгол Говь" сонины эрхлэгч, Б.Сарантуяа Хөвсгөл аймгийн "Далай ээж" сонины ерөнхий эрхлэгчнар шалгарчээ.Ийнхүү  оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг долоо, Оны шилдэг сэтгүүлчийг есөн номинациар шалгаруулсан бөгөөд сэтгүүл зүйн салбарын бүхий л салаа мөчрийг хамарсан онцгой чухал үйл явдал боллоо. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл