Шинжлэх ухаан, технологийн их сургуультай уулзалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2014-02-20

Шинжлэх ухаан, технологийн их сургуультай уулзалт зохион байгууллаа

 

ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай, ГУА-ны дарга Р.Ганхуяг, ОЗМДБА-ны дарга С.Энхтуяа нар 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ШУТИС дээр уулзалт хийлээ. Уулзалтанд ШУТИС-аас Бизнес, Инновацийн газрын дарга Д.Хашбаяр, Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Доктор профессор Л.Пүрэв, Геологи, газрын тосны сургуулийн захирал доктор, дэд процессор Д.Оюун, УУИС-ийн Геодези, маркшейдрийн багийн ахлах профессор, доктор Д.Оюунцэцэг, ГГТС-ийн Геофизик, геомэдээллийн тэнхмийн эрхлэгч Х.Цээдулам нар оролцов.

 

Агентлагийн дарга А.Хүрэлшагай уулзалтанд оролцогчдод монгол улсын газрын салбарт өрнөж буй шинэчлэл, бодлогын томоохон асуудлуудыг танилцуулаад эдгээр өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд газрын салбарын мэргэжилтэн бэлдэж буй их, дээд сургуулиудын хувьд зааж буй хичээлийнхээ агуулгад тусгах, цаашид газрын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулан мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах, газрын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд инновацийн гурвалсан загвар болох Засгийн газар-Сургууль-Үйлдвэрлэл загварыг нэвтрүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

  Энэхүү уулзалтын үеэр доктор, профессорууд санал, зөвлөмжийг маш таатай хүлээн авсан бөгөөд өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.

  Доктор, дэд процессор Д.Оюун өөрийн сургуулиас бэлтгэн гаргаж буй мэргэжилтүүд болон зааж буй хичээлүүд, багшлах боловсон хүчний байдал, чадавхи, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лаборатори, хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар танилцуулсан. Мөн агентлагийн саналыг хүлээн авч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурьдаж байсан.

Доктор профессор Л.Пүрэв мөн өөрийн сургуулийн талаар танилцуулаад бидэнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын боловсролын хяналттай хамтран газрын салбарын мэргэжилтнүүдийг бэлдэж буй улсын болон хувийн сургуулиудад хяналт, шалгалт хийхийг санал болгож байсан.

ШУТИС – ийн БИГ – ын дарга Б.Хашбаяр хэлэхдээ дээд боловсролын системд шинэчлэлт хийх үндсэн зорилт нь мэргэжилтэнг захиалагчийн хэрэгцээ шаардлагын дагуу бэлддэг болгох асуудал бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр ЗГ-ын агентлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллахаар төлөвлөж байсан юм. Танай агентлаг анхных нь болж байна хэмээн цохон тэмдэглээд, баярласнаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд их сургуулийн эрдэмтэн, профессорууд агентлагийн дарга А.Хүрэлшагайд үр дүнд чиглэсэн зорилтот уулзалтыг хийсэнд талархлаа илэрхийлэхийн ялдамд цаашид идэвхтэй хамтарч ажиллаж, газрын салбарын шинэчлэлийг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн.

Төрийн байгууллагуудын мэдээлэл