Хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдав

Нэмэгдсэн: 2014-12-08

Хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Монголын випашяна төв”-тэй хамтран 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хорих 415 дугаар ангийн хүмүүжигчдийг випашяна бясалгалд амжилттай хамруулжээ. Хүмүүжигчид 10 хоногийн хугацаанд тусдаа вакум орчинд байж, ном, сонин уншихгүй, телевиз үзэхгүй, хоорондоо дохио зангаагаар ч харьцахгүйгээр өглөөний 4.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл 10 цагийн турш бясалгажээ. Тус хорих ангид олон удаагийн давтан гэмт хэрэг үйлдсэн 500 гаруй хүмүүжигч ял эдэлдэг бөгөөд энэ удаад 42 хүмүүжигч, 2 албан хаагчийн хамтаар випашяна бясалгалд хамрагдсан байна. Энэхүү бясалгалд хамрагдсанаар хүмүүжигчид сэтгэлийн гүнд хуримтлагдсан стрессийн давхарга, буруу дадал зуршлаа өөрчилж, уур уцаараасаа салахаас гадна өнгөн хэсэгтээ төдийгүй сэтгэлийн гүнээсээ амгалан тайван байдал, аз жаргалыг мэдэрч, хувиа хичээхээ больж, бусдыг хайрлан өрөвдөх энэрэнгүй сэтгэлтэй болох аж. АНУ-ын Алабама мужийн чанга дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчид випашяна бясалгалд хамрагдаж, бодит үр дүнд хүрч чаджээ. Цаашид олон хүмүүжигчдийг энэхүү бясалгалд хамруулж, амьдралдаа алдаж, оносон залуусын сэтгэлийг, сэтгэлгээг өөрчлөн, зөв хүн болгон төлөвшүүлэх юм байна. Мөн бясалгалд суусан хүмүүжигчид олон  зүйлийг ойлгож, ухаарснаа хэлж байв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл