“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-2013” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН
БАГШ, СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн захиргаанаас санаачилан “Залуу зохион бүтээгч-2013” олон улсын уралдаанд шалгаран амжилттай оролцсон багш, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж сурталчиллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын
ивээл дор МҮОНТВ-ийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Оюуны
өмчийн газар, МУИС, ШУТИС, ХААИС хамтран зохион байгуулдаг “Залуу зохион
бүтээгч-2013” олон улсын уралдааны 1 дүгээр шатны баруун бүсийн
шалгаруулалт манай аймагт зохион байгуулагдсанаас хойш хагас жилийн
хугацаанд үргэлжилж дүнгээ гаргалаа.
Аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд, сургууль,
багш, хамт олон, эцэг эхчүүдийн бодит дэмжлэгийн үр дүнд уралдааны 3
дугаар шат буюу сүүлийн шатны шалгаруулалтад тус аймгийн Шарга сум,
Гуулин тосгон, Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм” цогцолбор, 2 дугаар
сургуулиудын 16 сурагчийн 8 бүтээл шалгаран, амжилттай оролцлоо.
Тус уралдааны “Шилдэг 18” бүтээлд 2 дугаар сургуулийн 11
дүгээр ангийн сурагч Б.Даваадоржийн “Автомашины хөдөлгүүрийн хавхлагийн
түгжээ мултлагч”, “Арвайн гурилны тээрэм” гэсэн 2 бүтээл шалгаран
оролцлоо. Энэ нь 1 хүний 2 бүтээл “Шилдэг 18”-т шалгарсан анхны
тохиолдол болсноороо онцлогтой.
Сурагч Б.Даваадорж ШУТИС-ийн барилгын инженерийн ангид элсэн
суралцах эрхтэй болсон бөгөөд сургалтын төлбөрийг нь сургалтын төрийн
сангийн буцалтгүй тусламжаар төлөх батламжийг, мөн удирдсан багш, багийн
хамт олны хичээл зүтгэлийг үнэлж 8,0 сая төгрөгийн үнэ бүхий техник,
тоног төхөөрөмжийн шагналын батламжийг тус тус Боловсрол, шинжлэх ухааны
яамны сайдаас гардан аваад байна.
Сурагч Б.Даваадоржийг Аймгийн Засаг дарга “Авьяас” алтан
медалиар шагнаж, чадварлаг сайн инженер болж, аймаг орон нутгийнхаа
хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүслээ.
--- o0o ---