​Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдтэй уулзалт хийлээ

Нэмэгдсэн: 2017-08-15

Нийслэл болон хотын ойр орчмын аймгуудад хүн, малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13-20 хорооны мал аж ахуй эрхэлдэг өрхийн иргэдтэй уулзлаа.Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир болон нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн холбогдох хэлтэс, хорооны Засаг дарга нар оролцсон юм. Энэхүүуулзалтаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мал бүхий өрхийн иргэдэд нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,  тэдний санал хүсэлтийг сонслоо.Ажлын хэсэг хороодтой хамтран эхний ээлжид мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийн санал хүсэлтийг тусгасан судалгааг авах бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллах юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл