Дэлхийн Байгаль орчны өдрийг тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улс сонгогдон Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ - Хоол, хүнсний хаягдлыг багасгая уриан дор 2013 оны 6 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн байгаль орчны өдөрт урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, Байгаль орчны хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн захирал Ён Вүү Парк, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Яцү Рюутаро; Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгаль хамгаалах яамны төлөөлөгчид; Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау; Аризонагийн их сургуулийн Тогтвортой байдлын сургуулийн декан, “Дасан зохицох комплекс систем” санаачлагын дэд захиралПрофессор Сандер Ван Дер Лею; Начуре Консервансу байгууллагын судлаач Др.Петер Карейва, Олон улсын Шинжлэх ухааны консулын Ази, Номхон далайн бүсийн захирал Профессор Нордин Хасан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын Шведын Үндэсний комиссын тусгай зөвлөх Др Карл Линдберг, НҮБ- ын Ази, Номхон далайн ЭЗНК –ийн Зүүн ба Хойд Азийн дэд бүсийн захирал Килапарти Рамакшна зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн баг төлөөлөгчид оролцсоныг тэмдэглэхэд таатай байна.
Өнгөрсөн өдрүүдийн арга хэмжээг тоймловол:
2013-06-01: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Дэлхийн Байгаль орчны өдөрт зориулсан “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээг ИНБ-тай хамтран зохион байгуулж, байгалийн музей үзүүлэх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдэд зочлуулах, уралдаан тэмцээн явуулж, Залуучуудын дунд flashmobs зохион байгуулагдлаа.
2013.06-02: Улаанбаатар-2013” олон улсын Марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, нийт 400 гаруй гүйгч үүний дотор 12 орны 100 гаруй тамирчин оролцлоо. Гүйлтэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн сайн санааны элч, Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени Улсын тамирчин Патрик Макау оролцлоо.
2013-06-03: Төрийн ордноо Ногоон хөгжлийн асуудлаарх Үндэсний чуулганыг зохион байгуулж, гадаад, дотоодын илтгэгчид “Ногоон соёл иргэншлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал:дэлхийн ирээдүй”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” зэрэг илтгэлийг тавьж, салбар хуралдаануудыг зохион байгууллаа. Энхэүү чуулган нь МУ-ын засгийн газар “Ногон хөгждийн үзэл баримтлал, хөтөлыбөрийг хэлэлцэж буй цаг үеэтэй давхцаж буйгаараа ач холбогдолтой юм. Мөн энэ өдөр “Байгаль орчин” сэдэвт үзэсгэлэн, байгаль орчны салбарт гадаад улс орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулагдлаа.
2013.06.04: Хариуцлагатай уул уурхай: “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хууль”-ийн хэлэлцүүлэг; “Сэргээгдэх эрчим хүч–ногоон хөгжил” ярилцлага, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Түүнчлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнерийн нээлттэй илтгэл MУИС-д тус, тус амжилттай зохион байгуулагдлаа.
Мөн энэ өдөр Дэлхийн байгаль орчны өдрийн зочид, төлөөлөгчид тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нутагшуулж байгаа жишээтэй Монгол Улсын анхны 50МВт-ын чадалтай Салхин паркад зочлох үеэрээ танилцлаа.
2013-06-05: Зочид, төлөөлөгчид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, Монгол айлд зочлон уламжлалт нүүдэлчдийн амьдрал ахуйг үзэж сонирхсон байна.
Энэ өдрүүдэд зохион байгуулсан арга хэмжээгээрээ Монгол Улсын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад хүрсэн амжилт, үр бүтээлтэй ажлуудаа дэлхий дахинд сурталчлан хүргэж чадлаа. Энэ өдрүүдэд дэлхийдахинаа Байгаль орчин, ногоон хөгжилтэй Монгол Улсын нэр хамтдаа яригдсан өдрүүд байлаа.
Монгол орон ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг хангах эн тэргүүний зорилготой, уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулах зочин орноор сонгосон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт талархсанаа илэрхийлье.
Энэхүү арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдөд талархснаа илэрхийлье.
Дэлхийн байгаль орчны энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ-2013” нэртэй гэрэл зургийн уралдааныг 1 жилийн хугацаатай зарлаж байгааг мэдэгдэж байна. Уралдааны нэр нь Монгол орны зэрлэг онгон байгальд амьдрах ургамал, амьтны гэрэл зургийг уралдуулах гэсэн утгыг агуулж байгаа юм.
Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бодитой үйл ажиллагаа нь гэрэл зургийн болон видео зургийн уралдаан юм. Уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх сонирхлыг төрүүлэхэд оршиж байгаа юм.
Мөн дэлхийн байгаль орчны өдөр манай яамны 2013 оны Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог ч дүгнэн хэлж болох юм.