Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах төвийг байгууллаа. Шинэ төвийн нээлтийг энэ сарын 10-нд хийсэн юм. “Нарантуул-2” захын дэргэд байгуулсан уг төвийн нээлтийг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож нээлтийн туузыг нь хайчилж , шинэ төвийн анхны үйлчлүүлэгчдэд баяр хүргэв.
Хөдөлмөрийн сайд хэлсэн үгэндээ Монгол Улс Хөдөлмөрийн яамтай болсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жил бүр багагүй хөрөнгийг зарцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, бизнесийг нь дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, жижишг зээл, зээлийн батлан даалтад хамруулахын хамт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад туслах зэрэг олон ажлыг хийж ирснийг онцлон дурдсан юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 1,3, 2014 онд 1,7, 2015 онд 2,7 тэрбум төгрөгийг ХЭДС-гаас гарган жил бүр 1500-3500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон. 2016 онд бид энэ хөрөнгийг нэмж 3,0 тэрбум төгрөг болгон төсөвлөсөн. Энэ онд хэрэгжүүлж буй “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийн дагуу Хөдөлмөрийн яамнаас эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах төвийг шинээр нээж байна. Энэ арга хэмжээний хүрээнд 50 орчим ажлын байр бий болж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээсэн.
Шинэ төвийн байранд мөн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний жишиг төв тун удахгүй үүд хаалгаа нээнэ гэдгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Баттүвшин нээлтийн ёслолд ирсэн зочдод дуулгалаа.